Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор жил бүрийн есдүгээр сард “Соёл, урлагийн ажилтны өдөр” -ийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд өдгөө 31 дэх жилтэйгээ золгож байна. Энэ жилийн хувьд аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас Замын-Үүд сумын Соёл, спортын ордонтой хамтран салбарын нийт 170 гаруй албан хаагч , уран бүтээлчдийг оролцуулан “БИД СОЁЛЫНХОН-2024” арга хэмжээг зохион байгуулж соёлын салбарын албан хаагчдын урлагийн тоглолт, үндэсний спортын тэмцээн уралдаан, тоглоом наадгайгаар наадаж шилдгүүдээ шалгарууллаа. Энэ үеэр салбартаа идэвх зүтгэл гарган ажилласан үе үеийн уран бүтээлч, ажилтан албан хаагчдад шагнал гардуулж, Соёл,спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас нэгж байгууллага, сумдын Соёлын төвүүдэд дэмжлэг болгон хуваарилсан тоног төхөөрөмжүүдийг гардуулан өгсөн юм.
Мөн аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газартай хамтран соёлын салбарын албан хаагчдад Хүүхэд хамгааллын тухай хуулийн талаар мэдээлэл өгснөөс гадна салбарын залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүн Д.Мөнх-Эрдэнийг урьж “Хувь хүний хөгжил, Ёс зүй”, Боловсролыг брэнд болгоё” зэрэг сургалтуудыг зохион байгууллаа.
Үндэсний оюун санааны дархлаа болсон түүх, эх хэл, соёл урлаг, зан заншил, өв уламжлалаа хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд өөрийн авьяас билиг, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсаар ирсэн соёл урлагийн салбарын үе үеийн ажилтан, албан хаагч, уран бүтээлч, эрдэмтэн судлаач, өвлөн уламжлагч та бүхэндээ талархал илэрхийлье.